Манай хамт олон та бүхэндээ үргэлж амттай хоолны жорууд хүргэхийг хичээдэг. Тэгвэл энэ удаад Туркийн алдарт пицца болох Лахмажун хийх аргыг хүргэхээр бэлтгэлээ. Үргэлж нэг төрлийн пицца идэхийн оронд шинэ зүйл туршиж үзэх сонирхолтой биш гэж үү?
Орц:
- Өндөг – 2 ширхэг
- Сүү – 50 мл
- Тараг – 50 мл
- Ургамлын тос – 50 мл
- Гурил – 250 гр
- Хөөлгөгч – 4 гр
- Давс – тал амны халбага
- Элсэн чихэр – тал амны халбага
- Сонгино – 1 ширхэг
- Улаан лооль – 1 ширхэг
- Амтат чинжүү – тал
- Татсан мах – 250 гр
- Улаан лоолийн соус – 1 халбага
- Амтлагч (хар перец – 1/4 амны халбага, улаан чинжүү – 1/2 амны халбага, давс – 1/2 амны халбага)
Хийх арга:
Өндөг, сүү, тараг, ургамлын тос зэргээ хольж бэлтгэнэ. Гурил, хөөлгөгч, элсэн чихэр, давсаа мөн тусад нь холиорой. Ингээд шингэн орцтой хольцоо гурилан дээрээ хийж, гурилаа зуурна. Зуурсан гурилаа таглаад, дулаан газар 1 цаг орчим байлгаарай.
Гар блендэр ашиглаж, сонгино, улаан лооль, амтат чинжүү зэргээ нухаж бэлтгээд, дээр нь татсан мах, давс, перецээ зэргээ хийж базна.
Хангалттай амарсан гурилаа тэнцүү хэсгүүдэд хувааж, элдэнэ. Элдсэн гурилны голд амталсан махаа тавьж, гурилны хоёр захыг гол руу татаж наалдуулна.
Ингээд шарах шүүгээний тавцан дээр өрж тавиад тослоорой. 190 хэмд 30 минут жигнэж болгоно.