Испани улсад төвтэй, дэлхий даяар нийт 10 мянган салбар дэлгүүртэй бэлэн хувцасны “Zara” брэндийг өнөөдөр энгийн ард иргэдээс авахуулаад олны танил одууд хүртэл өмсөж байна. Энэ дэлгүүрийн маркетингийн ажилтны нэрийг нууцлан, дэлгэсэн 9 нууцыг танд хүргэе.
1. “Zara”-ийн ажилчид дэлгүүр дотроосоо хувцас авч өмсдөггүй
Учир нь дэлгүүрт өлгөөтэй байгаа хувцсуудыг дор хаяж нэг удаа өмсөж үзсэн байдаг. Цоо шинэ хувцас авахын тулд, дэлгүүр дээр хэмжээ нь таарч байгаа ч өнгө нь таалагдахгүй байх үед онлайнаар захиалсан нь дээр гэдгийг тэд хэлж байна. Тэгээд ч онлайнаар бараа худалдаж аваад таалагдахгүй үед буцаалттай хэрнээ бэлнээр нь аваад буцаах үед ямар ч мөнгөний буцаалт байдаггүй гэжээ.
2. Хувцаснуудын байрлал
Хямдрал зарласан үед хувцаснуудын байрлал өөрчлөгдсөн байдаг ба үнэтэй хувцаснууд гарах хаалганы хажууд байрласан байдаг аж. Энэ мэтээр байрлал өөрчлөгдсөнийг хүмүүс шинэ коллекц ирсэн мэтээр андуурдаг гэнэ.
3. “Zara”-ийн ажилчид бүгд хөнгөлөлтийн карттай
Зөвхөн өөрийн дэлгүүр дотроо бус “Inditex” корпорацийн эзэмшилд байдаг бүхий л дэлгүүрүүдээр хөнгөлөлттэй үйлчлүүлэх карт эзэмшдэг байна. Zara брэнд нь “Inditex” корпорацийн охин компани бөгөөд үүний эзэмшилд мөн “Pull&Bear”, “Bershka”, “Massimo Duti” зэрэг брэнд дэлгүүрүүд багтдаг аж.
4. Манникенд өмсгөх хувцсыг маш няхуур сонгодог
Ихэнхдээ хажуу хөрш орон болон томоохон орнуудад трэнд болж буй загварыг манникенд өмсгөсөн байдаг. Ингэснээр тухайн хувцас байгаагаасаа 2-4 дахин борлогддог аж.
5. Чанартай хувцас сонгоё гэвэл хувцасны шошгыг сайн анхаарах хэрэгтэй
“Zara” брэнд 4 төрлийн сонголттой хувцас үйлдвэрлэдэг: Zara Basic буюу энгийн, түгээмэл загвартай хямд хувцсууд, Zara Woman буюу эмэгтэйчүүдийн арай дээд зэрэглэлийн, чанартай материалтай, TRF буюу Street Style залуусын загварлаг, спортын загварын хувцсууд, Zara Studio буюу дэлгүүр дээрээ байнгын бэлэн байдаггүй, ихэнхдээ онлайнаар захиалагддаг сайн чанарын хувцсууд.
6. Ганцхан ширхэг хувцас үлдсэн байвал яаран бүү ав
Хэрвээ танд нэг даашинз таалагдаад даанч хэмжээ нь таарахгүй байвал худалдааны зөвлөхөөс заавал асуугаарай. Ер нь бол илүү хэмжээ заавал байдаг бөгөөд ганцханыг ил үлдээж байгаа шалтгаан нь танаас өрсөж өөр хэн нэгэн авчихвий, гялс амжаад авъя хэмээх бодол төрүүлэхэд оршиж байгаа юм.
7. Иж бүрэн хувцаслалтыг албаар бүрдүүлж дэлгүүрт тавьдаг
Богино ханцуйтай цамцны дээгүүр гадуур хүрэм доогуур нь жинсэнд өмд, бүр доор нь гутал, хамгийн дээр нь малгай цүнх хоёрыг хослуулан тавьсан байхыг та олонтаа харна. Үүнийг харсан хүн дор хаяж 2 хувцсыг, болж өгвөл иж бүрнээр нь таашаан авах магадлалтай байдаг гэнэ.
8. Загвар хуулбарлалт
Сайн анзаарах юм бол “Zara” брэндийн загварууд бусад алдартай брэндүүдийн ганц нэг детайл бүрдлийг өөрчлөөд үндсэндээ хуулбарлачихсан байдаг. Гол ялгаа нь гэвэл дээд зэрэглэлийн биш ч чанартай сайн материалтай, хээнцэр биш харин минималист загварыг түлхүү оруулдгаар нь ялган харж болно.
9. Өвөл, зуны улиралд худалдан авалт хийвэл илүү тохиромжтой
“Zara” брэнд жилд 2 удаа том хямдрал зарладаг. Шинэ жилийн өмнөх үеэс эхлээд 1-р сар дуустал өвлийн хямдрал, 6 сарын дунд үеээс 8 сар дуустал зуны хямдрал үргэлжилнэ. Харин эдгээрээс бусад үеэр шинэ загварын коллекцоо гаргадаг учир та хямдрал болтол түр азнасан нь дээр шүү.