Заримдаа гэрээс эвгүй үнэр гарч, тухгүй байдаг шүү дээ. Ялангуяа нялх хүүхэдтэй айлуудаас шээсний эвгүй үнэр ханхалдаг. Мөн угаалгын өрөөнөөс таагүй үнэр ч ханхалж, бид ихэвчлэн агаар цэвэршүүлэгч цацдаг. Гэвч энэ нь бидний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй төдийгүй хэт нялуун үнэртэж, заримдаа таагүй санагддаг. Тэгвэл өнөөдөр та бүхэндээ гэрийн аргаар үнэртүүлэгч хийх зааврыг танилцуулж байна. Үнэхээр амархан бөгөөд таниас ердөө 5 минут шаардана.
Хэрэг болох зүйлс:
- Хүнсний сода – 1 аяга
- Эфирийн тос (essential oil) – 15-20 дусал
- Хатаасан ургамал, цэцэг
- Шилэн сав
Бэлтгэх арга:
Эхлээд хүнсний содаа шилэн савандаа хийгээрэй. Сода нь агаарыг цэвэршүүлж, эвгүй үнэрийг дарах төдийгүй бактерийг устгах онцгой чадвартай.
Дараа нь өөрийн дуртай үнэртэй эфирийн тосоо нэмж хийх бөгөөд мөн сайхан үнэртэй хатаасан ургамал хийж болно. Эдгээрийгээ хольж сайтар сэгсэрнэ.
Ингээд шилэн саваа таглах бөгөөд үнэрийг гаргах үүднээс таглааг цоолж нүх гаргах хэрэгтэй шүү. Одоо бэлэн болсон агаар цэвэршүүлэгчээ өөрийн хүссэн газраа тавьж, эвгүй үнэрийг дарж болох юм.
Ялангуяа угаалгын өрөөнд тавьж, муухай үнэрийг арилгаж болох юм. Үүнээс хойш та агааржуулагч авах гэж мөнгөө үрэх шаардлагагүй төдийгүй хорт хавдар үүсгэх аюултай энэхүү бараанаас өөрийн эрүүл мэндээ хамгаалж чадна. Мөн та хайртай дотны хүмүүстээ өнгөлөг саванд хийгээд, чимэглээд бэлэглэж ч болно шүү дээ.
Үүнээс гадна та хүнсний содатай агааржуулагчийг өөрөөр ашиглаж болно. Ингэхдээ эфирийн тосонд норсон хэсгийг авч хаяад, дан хуурай сода дунд жижиг савтай үнэртэй лаа байршуулаарай. Лааны үнэрийг сода нь илүү сайн гаргаж өгөх ба мөн л гэрийг тань зөөлөн, сайхан үнэрээр бүрхэх юм.